“ЧИНГИС СООСЭ” ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ ОЮУТНУУДДАА ДИПЛОМАТ АЛБАНЫ ТАЛААР ЛЕКЦ УНШУУЛАВ

Дипломат алба нь төрийн тусгай алба бөгөөд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын болон олон улсын хууль, тогтоомжийг удирдлага болгон нэгдмэл, залгамж чанарын зарчмыг баримтладаг. Эл үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас удирдан хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын албаараа дамжуулан гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад харилцаанд дипломат албаны мэргэжилтэн, боловсон хүчин маш их эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд үүнтэй уялдуулж энэ талын мэргэжилтнүүдийг бэлтгэх их, дээд сургууль тун эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Жишээ нь Чингис хааны нэрэмжит “Их Засаг” ОУИС-ийн “Чингис Соосэ” Олон улсын харилцааны их сургууль байна. Тус сургууль нь оюутнууддаа гадаад харилцааны чиглэлээр маш сайн сургалт явуулдаг юм.

57155399_1959317920847259_6845009939367198720_n.png

56828095_294890558059054_1184763889628217344_n.png

Саяхан тус сургуулийн Олон улсын гадаад харилцааны хөтөлбөрийн багийн нэрэмжит 14 хоногийн аяны хүрээнд ГХЯ-ны консулын газрын ажилтан Д.Ганболдыг урьж ГХА мэргэжлийн 130, 131, 230, 330-р бүлгийн оюутнуудад “Олон улсын харилцааны ажилтан, дипломатч мэргэжлийн онцлог болон суралцахдаа анхаарах асуудал” сэдвээр лекц уншууллаа. Консулын ажилтан Д.Ганболд гадаадын улс орнуудад консулаар ажиллаж байсан практик туршлагаасаа ярьж юунд чухалчлан анхаарах тухай үнэтэй зөвлөгөө өглөө. Дашрамд өгүүлэхэд дипломат ажилтан нь албан үүргээ үнэнч  шударгаар биелүүлж, уг албыг хаах хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний гишүүн байх, үйл ажиллагаанд нь ямар нэгэн хэлбэрээр оролцохоос түдгэлзэх үүрэг хүлээдэг. Эдгээр ажилтнуудын суугаа орны амьжиргааны  түвшинг харгалзан төрөөс ажиллах нөхцөл, баталгаагаар хангаж, хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлс, томилолтын зардал олгож, тодорхой баталгаагаар хангадаг. Тухайлбал, дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээгээр ажиллуулдаг. Хэрэв тухайн ажилтны эхнэр буюу нөхөр нь тодорхой ажил эрхлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож төр хариуцдаг байна.