ТӨРӨЛХ “ИХ ЗАСАГ” СУРГУУЛЬДАА БАГШААР ҮЛДЭЖ, ЗАХИРАЛ БОЛТОЛОО ДЭВШСЭН ГАЛЫН ТУЯА

Хүн оюун ухааныг удамшин авч төрдөг бол түүнийг төгөлдөржүүлэн нээж хөгжүүлэхэд багшийн үүрэг хамгийн чухал. Тиймдээ ч шавийн эрдэм багшаас гэж ярьдаг. Багш нь хүүхэд, залуусыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээ амжилттай биелүүлэхийн тулд сургалтын ажлаа зөвхөн өнөөдрөөр хязгаарлах бус ирээдүйгээ харж олон талын мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж байх учиртай. Энэ бүх шаардлагад цаг ямагт нийцэж байдаг нэгэн багшийн тухай өгүүлье. Тэр бол Чингис хааны нэрэмжит “Их Засаг” Олон улсын их сургуулийн анхны төгсөгч Гал овогтой Туяа юм.

Тэрбээр 1994 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж, улмаар “Их засаг” их сургуульд элсэн орж 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгсөөд, тэр жилдээ “Их засаг” их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, 2000-2006 онд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 2006 оны 9-р сараас “Их засаг” Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байна. Г.Туяа 2000 онд “Гэмт хэргийн субьектын эрүүгийн эрх зүйн зохицуулалт “ сэдвээр магистрын зэрэг, 2018 онд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний Монгол улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалт сэдвээр хууль зүйн ухааны доктор /Ph.D/ зэрэг хамгаалжээ. Түүнчлэн 2009 онд Малайз улсын Лимкоквиний их сургууль, 2013 онд Герман улсад мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр багшлах хугацаандаа эрүүгийн эрх зүй, криминологи, нотлох баримтын онол зэрэг мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг зааж байгаагийн зэрэгцээ тухайн хичээлүүдээр мэргэжлийн кабинетүүдийг тохижуулан сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна. “Их засаг”-ийн анхны шавь маань ийм их үр бүтээлтэй, дэвшилттэй яваа нь бахархууштай.

56691510_268936577384864_5443364301668614144_n.jpg

Захирал Г.Туяа “Их Засаг” сургуульд анх хөл тавьсан тухайгаа дурсахдаа: “Миний бие 1994 онд телевизийн зар үзэж суугаад анх Монгол удирдлага технологийн дээд сургуульд хуульч мэргэжлээр элсэлт авна гэсэн зарын дагуу очиж шалгалт өгөн тэнцэж анхны 44 оюутны нэг болон элсэж билээ. Манай сургууль одоогийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын таван давхарт хоёр өрөө түрээсэлж, үүний нэг нь манай анги, нөгөө нь багш нарын өрөө байсныг тодхон санаж байна. Их л сурах эрмэлзэлтэй өндөр сэтгэгдэлтэй хүүхдүүд нэг анги болж хэдэн биенийхээ дунд байсхийгээд л тэмцээн уралдаан зохион байгуулж бие биенийгээ урамшуулдаг байлаа. Би хэрэндээ л дунд сургуульд байнга дарга хийсэн хэнхэг хүүхэд байсан ч манай анги насаар ахимаг оюутнууд ихтэй, яалт ч үгүй би балчирддаг байж билээ. Л.Сүхбаатар, Г.Нацагдорж, Д.Энхтуул, Б.Жавзмаа гээд лидерүүд маань бидэнд олон зүйлийн утга учрыг таниулсан гэж би хувьдаа боддог. Учир нь эд нар маань 3-5 жилийн дараа их сургуулийн босго алхаж байгаа учраас хичээл номондоо их ач холбогдол өгдөг, байнга номын санд суудаг, бас хичээлийн дараа ангидаа үлдэж амьдралын олон талын зүйлийг ярьж амьдралын талаар хэрэндээ их ойлголт авдаг байж билээ. Тэгээд оюутны дөрвөн жил нэг л мэдэхэд дуусч, одоо би хэн болох вэ, хаачих вэ, юу хийх вэ гэсэн асуултын дунд эргэлзэж байх үед сургуулийн захирал Н.Ням-Осор манай ангийхантай уулзалт хийж анхны төгсөлтөөсөө багш бүрдүүлэх бодолтой байгаагийн дээр манай ангийн таван оюутны нэрийг зааж, багшаар ажиллах хүсэл сонирхол байвал хүлээж авахад бэлэн байгаагаа хэлсэний дотор миний нэр байж билээ. Миний амьдралдаа хамгийн их баярлаж байсан өдрүүдийн нэг яах аргагүй тэр өдөр байсан. Миний унаган багын багш болох мөрөөдөл минь нууцхан хадгалагдаж хэрэндээ хичээж байсныг минь Н.Ням-Осор багш маань олж харна гэдэг том аз шүү дээ. Ингээд л би гэдэг хүн багш болохоор өөрийгөө эрчимтэй бэлдэж эхэлсэн дээ. Бас нэг сонин сайхан учрал бол нэг өдөр эрүүгийн эрх зүйн багш Ж.Авхиа доктор намайг дуудаж байна гэхээр нь дотроо их л эмээж ойрд хийгээгүй даалгавар, асуугдаагүй сэдэв юу билээ гэж бодож бодож, айх гайхах хослуулсаар ортол багш маань “Чи төрөлх сургуульдаа багшаар үлдэх гэж байгаа юм байна, Чамайг би гарын шавиа болгож эрүүгийн эрх зүйн төрлийн хичээлүүд заалгах хүсэлтэй байна” гэж хэлэхэд нөгөө айдас маань баяр болон хувирч “Их Засаг” сургуульдаа эргэж буцалтгүйгээр багшлахаар шийдэж билээ. Одоо ингээд бодоход сургуультайгаа амьдралаа холбоод 25 жил болж байна. Тэр үед дөнгөж хорин хоёр настай жаахан охинд багш болох их урам, итгэл өгч амьдралын минь замыг гэрэл гэгээтэй болгож өгсөн ректор Н.Ням-Осор, проректор Ж.Цэцэгмаа нартаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн бурханы орноос намайг үргэлж түшиж байдаг хайртай багш Ж.Авхиа таныхаа ямар ч үед ёс зүй, ёс суртахуунтай байгаарай гэдэг сургаалийг дээдэлж “Шавь чинь сайн явна аа” гэж бардам хэлэх байна” гэж өгүүлэв.

Монгол улсын гавъяат хуульч, доктор Жарантайн Авхиа гуай амьд ахуйдаа ийн нэгэн дурсамж үлдээжээ.  “Их Засаг” их сургуулийн нэг онцлог бол сургуулиа онц дүнтэй төгссөн оюутнуудаар багш нарын шинэ хамт олныг бүрдүүлж, 100 шахам багш нарын нэлээд нь тус сургуулийн хананд өсч бойжсонд оршино. Ийм хүмүүсийн дотор магистр багш, тэнхимийн орлогч эрхлэгч, докторант Б.Ганболд, багш Г.Туяа, Наранбаатар, Алтансүх, Бадамханд нар зүй ёсоор орно” хэмээсэн байх аж.

Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож, амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг, харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг юм гэсэн. Жаахан охин, залуухан төгсөгч, шинэхэн багш Г.Туяа хорь гаруй жилийн тэртээ ёстой л холыг харж сэтгэсэн байх жишээтэй. “Хамгийн сайн удирдлага бол өөрөө өөрийгөө хэрхэн удирдахыг бидэнд үзүүлж чадах удирдлага юм” гэж Гётегийн хэлсэн үг ч түүнд бас нөлөөлжээ. Багш хүн хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй. 

Өнөөгийн Туяа захирал “Их Засаг” сургуулийг тулгын чулуугаа тавихад анхны элсэгчийн нэг байсан. Тэгээд анхны төгсөгч, сургуульдаа үлдсэн анхны багш. Ууган бөгөөд анхны гэсэн ийм нэг орчил түүний ажил амьдралыг тодорхойлж байна. Туяа захирал 2006 онд Эрүүгийн эрх зүйн тэнхмийн багш Ц.Гансүхтэй хамтран “Гэмт явдал судлал” нэртэй криминологийн хичээлийн сурах бичиг, 2011 онд багш Я.Батхандын “Санхүүгийн эрх зүй “ хичээлийн гарын авлагын редактор, 2012 онд багш Б.Болортогосын “Эрх зүйн нэр томьёоны тайлбар толь” номын редактороор, 2013 онд ХЗҮХ, ХЗДХЯамтай хамтран гаргасан Криминологи хичээлийн гарын авлага, 2017 онд Монгол улсын Гэмт хэргийн цагаан номын судалгааны ажилд судлаачаар тус тус ажиллажээ. Мөн ОХУ-н Эрхүүгийн Хууль зүйн дээд сургуультай хамтран жил бүр зохион байгуулж зуны сургалт семинаруудад амжилттай оролцож ирсэн байна. Түүнчлэн 2006 онд “Насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн байдал “ сэдэвт зуны сургалт семинарт, 2007 онд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулсан ЭБША-н дахь хүний эрх сэдэвт сургалт семинарт, 2008 онд “Хүн худалдах гэм хэрэг түүнтэй тэмцэх арга зам” сэдэвт сургалт семинарт тус тус сургагч багшаар ажилласан нь түүний багшлах ур чадвар тэргүүн зэрэгт хүрснийг илтгэнэ. Улмаар 2010 онд ХЗХДЯам, хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд хуулийн их дээд сургуулийн багш нарын Үндэсний сургагч багш болжээ. Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдал бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг. Хатагтай Туяа  2006 оноос Хууль зүйн сургуулийн захиралаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд удирдаж байгаа сургууль нь,

-2012 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн эрх зүйн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тэнцэж эрх зүйн сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.

-Хууль зүйн их дээд сургуулиудын дунд зохион байгуулсан шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 6 удаа тэргүүн байр, 8 удаа дэд байр эзэлсэн.

-Монгол улсын Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан “Бид ирээдүйн гаальчид” тэмцээнд тэргүүн байр.

-2013 он болон 2018 онд “Их засаг” ОУИС-ийн “Шилдэг сургууль”, “Оюутанд ээлтэй сургууль”-иар тус тус шалгарсан.

-2018-2019 оны хичээлийн жилд сурлагын амжилт 96%, чанар 62.5% хувь хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар өссөн.

-Улаанбаатар хотын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Аж ахиуйн нэгжийн орлогын албан татварыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд сургууль нь хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн.

-2009, 2010, 2011, 2012, 2018 оны “Оюутны намар” урлагийн наадамд “Шилдэгийн шилдэг сургууль”-иар шалгарсан. Мөн Хууль зүйн сургуулийн хэмжээнд мэргэжлийн 23 кабинет, шинээр 11 кабинет сэргээн засварлах ажлыг санаачлан зохион байгуулсан гэх мэт. Г.Туяа багшийн ажил хөдөлмөр энэ мэтийн амжилт бүтээлээр дүүрэн байна.

Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана. Үүнд багш хүний ухаан сэтгэл, ур чадвар хэрэгтэй болдог. Өнөө үед нийгмийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөн хөгжихийн хэрээр оюутан залуусын оюуны эрэлт хэрэгцээ, сонирхолд ч хувирал өөрчлөлт ихээхэн гарч байна. Үүнийг багш хүн байнга мэдэрч, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа шинэчлэн өөрчилж, боловсронгуй болгох чадвартай байх нь зүйн хэрэг. Г.Туяа захирал чухам үүнд түшиглэж, багш, сурган хүмүүжүүлэгчдээ өдий олон жил зөв зүйтэй удирдан чиглүүлж ирсэн нь бахдалтай.

Б.ОЙДОВ