Гадаад оюутан

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 113 дугаар тушаалын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гадаадын иргэд Монгол улсын дээд боловсролын байгууллагад боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Хоёр улсын Засгийн газар хоорондын болон хоёр тал /сургууль, байгууллага, иргэн/-ын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын иргэнийг Монгол улсын дээд боловсролын байгууллагад энэхүү журмын дагуу суралцуулна.

1.3. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэд нь тус улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.

1.4. Суралцагчийн орон байр, эмнэлгийн үйлчилгээний нөхцөл, тээврийн зардал, сургалтын төлбөрийн хэмжээ зэргийг тухайн дээд боловсролын байгууллага, суралцагч хоорондын гэрээгээр зохицуулна.

1.5. Гадаадын иргэнийг суралцуулах дээд боловсролын байгууллага нь багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд бэхжсэн, суралцагчийг орон байраар хангах, суралцах нөхцлийг бүрдүүлсэн байна.

1.6. Дээд боловсролын байгууллага нь дараагийн хичээлийн жилд суралцуулах гадаадын иргэдийн материалыг жил бүрийн 6 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “яам” гэнэ/-д хүргүүлнэ.

1.7. Эдгээр материалыг яам хянан үзэж, 8 дугаар сард багтаан суралцуулах эсэх тухай шийдвэр гаргана.

1.8. Суралцах зөвшөөрөл хүлээн авч, сургалтын визтэй ирсэн гадаадын иргэнийг 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /цаашид “алба” гэнэ/-нд бүртгүүлж, Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг тухайн дээд боловсролын байгууллага хариуцна.

1.9. Дээд боловсролын байгууллага нь өөрийн байгууллагад суралцаж буй гадаадын иргэдийн талаарх судалгааг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор яаманд ирүүлнэ.

1.10. Дээд боловсролын байгууллага нь элдэв шалтгаанаар /төгссөн, хасагдсан, шилжсэн, чөлөө авсан, орхисон зэрэг/ сургалтаа зогсоосон гадаадын иргэний талаарх мэдээллийг 7 хоногийн дотор яам болон албанд хүргүүлнэ.

Хоёр. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцахаар ирсэн гадаадын иргэний хүлээх үүрэг

2.1. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцах хүсэлтэй гадаадын иргэн өөрийн орноос Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын байгууллага, суралцах сургуулийн захиргаагаар дамжуулан дор дурдсан материалыг яаманд ирүүлнэ. Үүнд:

– Хувийн өргөдөл

– Анкет

– 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

– Бүх шатны боловсролын бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

– Эрүүл мэндийн үзлэгээр орсон бичиг баримт /ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн бичиг баримт/

– Тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт

– Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

– Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг

2.2. Яамнаас тухайн гадаадын иргэнд Монгол Улсын дээд боловсролын байгууллагад суралцах зөвшөөрөл олгож, “S” ангиллын сургалтын виз олгуулах тухай хүсэлтээ албанд албан ёсоор мэдэгдэнэ.

2.3. Монгол улсад суралцаж буй гадаадын иргэн нь Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан гадаадын иргэний эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж, сургуулийн дүрмийг дагаж мөрдөнө.

2.4. Монгол улсад суралцах хугацаандаа улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулах, байгууллага байгуулах, түүнд элсэн орох, Монгол үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний ёс заншил, хууль зүйн харш хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэхийг хориглоно.

2.5. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, гадаадын иргэнийг бүртгэх журам зөрчин өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид зорчихыг хориглоно.

Гурав. Гэрээ байгуулах, суралцах зөвшөөрлийг сунгах, цуцлах

3.1. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцахаар ирсэн гадаадын иргэн нь өөрийн суралцах боловсролын байгууллагын захиралтай гэрээ байгуулна. Уг гэрээнд дор дурдсан нөхцлүүдийг тусгасан байна:

– Суралцагчийн Монгол улсад түр оршин суух, орох, гарах зөвшөөрөл

– Суралцагчийн амьдрах байр, орон сууц, түүний зардал

– Суралцагчийн суралцах хугацаа, тэтгэлэг, төлбөрийн хэмжээ, хүлээх үүрэг

– Суралцагчийн хичээлийн байр, хичээллэх нөхцөл, хангамж

– Суралцагчийн эрүүл мэнд, даатгалын асуудал

– Суралцагч хууль, дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулахад хүлээх хариуцлага, авах арга хэмжээ

– Суралцагчийн аюулгүй байдлын талаарх асуудал, хариуцах эзэн

– Суралцах хугацаандаа гэр бүлийн хүмүүсээ урилгаар ирүүлэх эсэх

– Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа

3.2. Гадаадын иргэдийн Монгол улсад оршин суух зөвшөөрөл 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд 1-ээс дээш жилийн сургалтад хамрагдаж буй тохиолдолд сургуулийн захиргааны тодорхойлолт, сурлагын байдал, гэрээний биелэлт зэргийг үндэслэн жил бүр сунгана.

3.3. Түр сургалтад хамрагдаж буй гадаадын иргэдийн суралцах хугацаа 1 хүртэл жил байх бөгөөд суралцуулж буй сургуулийн хүсэлт, гэрээний биелэлт, яамны холбогдох газрын санал зэргийг үндэслэн суралцах хугацааг нэг хүртэл жилийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3.4.Түр сургалтад хамрагдаж буй гадаадын иргэдийг өөр сургуульд шилжүүлэн суралцуулахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусмагц суралцах зөвшөөрлийг хүчингүйд тооцно.

3.5. Суралцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон энэ журмын заалтуудыг зөрчсөн тохиолдолд түүний суралцах зөвшөөрлийг хүчингүй болгож, албанд мэдэгдэнэ.