Уншигч танаа

Эзэн богд Чингис хааны “Их засаг” хуулийг түүхэн цаг үе, уламжлал, шинэчлэлийн зарчимд тулгуурлан өргөн хүрээнд, гүн гүнзгий нягтлан судлах нь эдүгээгийн монголын төр засаг, хууль хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Энэ судалгааны ажил нь орчин үеийн судлаачид, монголын төр засаг, хууль зүйн салбарын боловсон хүчинд шинэ санаа, чухал сургамж, санамж, гарын авлага болох учиртай болов уу.

Ийм учраас Өвөрмонголын нэрт эрдэмтэн судлаач Сайшаалын “Их засаг” хуулийг 54 зүйл заалттайгаар бүрдүүлж судалгаа дүгнэлт хийсэн баримтыг үндэс болгож “Их засаг” хуулийн тайлбарыг бүтээхээр зорив.

“Их засаг” хууль батлагдан гарснаас хойш 800 орчим жил өнгөрчээ. Энэ олон жилийн хугацаанд хүний нийгмийн амьдралд асар их өөрчлөлт гарч, хэл соёлын хувьд ч, нийгмийн ухамсар сэтгэлгээнд ч цоо шинэ орчин нөхцөл бий болжээ. Энэ шинэ нөхцөл байдлыг харгалзан үзэж “Их засаг” хуулийн зүйл, заалтуудыг орчин үеийн сэтгэлгээний дэвсгэр дээр тайлбарлах нь уг хуулийн талаар орчин үеийнхэн болоод ирээдүй, хойч үеийнхэн үнэн зөв мэдлэг хүртэж, “Их засаг” судлалын ажил эрчимтэй хөгжих үндсийг бүрдүүлэх болов уу гэсэн эрхэм ариун зорилгыг дээдлэн энэхүү тайлбарыг бүтээхээр зориглосон болой. Мэргэн уншигчид оюун мэдлэгийн гэгээн дэнсээрээ шүүж цэгнэн алтыг нь авч, мөнгийг нь тунгаана гэдэгт бат итгэж байнэ.

Их засаг олон улсын их сургуулийн ректор,

Монгол улсын гавьяат багш, доктор,

 профессор Н.Ням-Осор