Ректорын мэндчилгээ

Image

Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургуулийн ректор,
Монгол Улсын Ардын багш, доктор, (Sc.D), профессор 
Намсрайн Ням-Осор

Эх сайхан Монгол орны минь өнцөг булан бүрт төгссөн сургуулиараа бахархан, эрхэлсэн ажил эрхэмлэдэг албатай, амжилт ололт бүхнийг магад манлайлан яваа эрхэм төгсөгчид өө!Сургуулиараа овоглон, сурч мэдэхийн их оргил өөд зүтгэж яваа оюутан сурагчид аа!Түмний хүүхдэд эрдэм номын охь дээдийг харамгүй дээжлэн, оюун бодол, амьдрал хөдөлмөрөө уйгагүй зориулсаар ирсэн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан ажиллагсад аа!Та нартаа Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн ИХ ЗАСАГ ОУИС үүсч байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.Жилээс жилд өргөжин тэлж, өнөржин өөдлөж байгаа төрлөх сургуулийнхаа түүхт ойг та бүхэнтэй хамтдаа тэмдэглэж, халуун дотно сэтгэлээр ханьсан баясаж байгаадаа би маш их баяртай байна.Одоогоос яг 25 жилийн өмнө ИХ ЗАСАГ их сургуулиа үүсгэн байгуулах гэж хичээж зүтгэж, зовж зүдэрч явсан бүхэн өдгөө, миний болоод хамтран мөр зэрэгцэж явсан эрхэм нөхдийн минь сэтгэл зүрхэнд дуртгал болон үлдэж, эргэн дурсахад сайн сайхан, гэгээн бүхэн нь айлсан тодорч байдаг шүү гэдгийг энд би онцлон хэлэхийг хүсч байна.Оюун ухаан, сэтгэл итгэл, мэдлэг чадвараа уралдуулан байж 25 хавар, 25 намартай золгож, сургуульд элсэх, сургууль төгсөхийн их баяр жаргалыг эдлэн,” миний сургууль,” манай сургууль “ гэсэн хамгаас халуун дулаан сэтгэлээр эвсэн нэгдэж, 25 жилийн гэрэлт түүхийг босголцсон та нартаа гүнээ талархал илэрхийлье.Бид сургуулиа Их эзэн Чингэс хаанаараа овоглосны учир, Их Засаг хуулиараа нэрлэсний учир нэрээ сэвтээж, төрөө хиртээж болохгүй тангарагтайгаар, их монгол улсынхаа хөгжлийн түүчээ болж, үе үеэрээ төрөн гарч, түрэн урагшилж байх учиртай.Энэ өдөр Их засагчууд бид 25 жилийнхээ ойн өндөрлөг дээрээс амжилт ололтоо дүгнэж, алс ирээдүйгээ тодотгох онцгой баярын өдөр юм.Монголын хойч ирээдүй Их Засагчууд биднээс эхлэж, амжилт ололт бүхний тэргүүн эгнээнд бид явж,” Чингисийн үр сад” гэсэн хаа ч байхгүй эрхэм алдараа мандуулан бадруулж, өнөд өв тэгш, өөдлөн дэгжиж, мандан бадарч явахын эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье.Их Засаг ОУИС маань дэлхийн дэвжээнд танигдаж, дэлхийнд нэртэй, даянд данстай сургууль болохын эхэн босгонд ирлээ.Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС