РекторынИлгээлт

· 2 минут зарцуулна
Thumbnail

#РекторынИлгээлт
Эрхэм хүндэт “Их Засаг” ОУИС-н оюунлаг оюутан залуусаа, төрөлх сургуулийнхаа оюун санааны дархлаа болсон, цогц боловсролын үр шимийг хүртэгч та бүхэндээ цахим илгээлт хүрэх өдрийн мэндийг хүргэе.
Дэлхий дахинд аюулын харангыг дэлдээд буй Коронавирусын тахал хүн бүрээс цогц чадамжийг шаардаж байгаа энэ цаг үед аюулт тахлаас өөрийгөө болоод гэр бүл, хамт олон, хайртай бүхнээ хамгаалах хариуцлагатай цаг үе бидний өмнө ирээд байна.

Их Засагийн оюутан бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын өгч буй заавар, зөвлөгөөг чандлан дагах хэрэгтэй. Цаашлаад тэрхүү заавар зөвлөгөөг гэр бүлдээ болон мянга мянган монголчууддаа хүргэх, үлгэрлэх үйлд хариуцлагатайгаар манлайлан оролцох нь Их Засагийн оюутан бүрийн журамт үүрэг юм.

Та бүхэн хөл хорио тогтоосон энэ цаг үед өөрсдийнхөө эрүүл мэндэд онцгой анхаарч, цахим хичээлээ идэвхтэй сайн судлан, асууж тодруулах зүйлээ багш нартайгаа холбогдон авах бүх бололцоог бид бүрдүүлээд байна. Мөн цахим хичээлд оролцож буй оюутнуудын ирц, идэвх маш сайн байгаад сургуулийн удирдлагын баг хамт олон маш их талархалтай байна.

Хөл хорионы үед “Цогц боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд ном унших, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, шинэ санал санаачлаг гаргах, дасгал сургуулилт хийх зэрэг цагийг бүтээлч байдлаар өнгөрүүлээсэй гэж миний бие хүсэж байна.
Зогсолтгүй хөгжиж, сайжрах үндэс бол та бүхний хичээл сургалт, тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас олж авсан цогц чадамж, цогц боловсрол юм.

Тун удахгүй энх цаг наашилж, аюул холдох мөчид багш, анги хамт олон, анд найзуудтайгаа баяр хөөртэйгөөр уулзана гэдэгт итгэлтэй байгаарай.

Бид байгаа болохоор би байдаг... Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Их Засаг ОУИС-ийн ректор Монгол Улсын Ардын багш ШУ-НЫ доктор профессор /Sc.D/ Н.Ням-Осор

Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС